Тэжун ван (солонгосоор: 태종, ханз: 太宗; төрсөн нэр нь И Пан-вонь (이방원; 李芳遠); 1367–1422) болбоос Чусонь улсын 3-р ван, Тэжу вангийн 5-р хүү. Ах Чонжун ванг залгамжлан 18 жил төр барьж, хөвүүн Сэжун ванд вангийн суурийг өвлүүлжээ. Тэрээр улсын ван болохын өмнө Жонань гүнь (солонгос: 정안군; ханз: 靖安君) цолтой байсан.

Товч тойм засварлах

1367 онд И Сонге жанжны эхнэр Хань овогт Шинь-ый хатнаас тав дахь хөвүүн болж мэндэлжээ. И Панвонь бага наснаас күнзийн эрдэмтэн Вонь Чонь Сокоор күнзийн сургаал номлол заалгаж, 1382 онд Курё улсын орогсдын шалгалтанд[1] тэнцэж түшмэл болсон. Түүний залуу нас нь эцгийнхээ улс төрийн карьерт туслаж, Чосонь улсыг байгуулах үйлсэд нь оролцож байсны нэг нь 1392 онд Курёгийн төрд нөлөө ихтэй Жон Монжүгийн аллагийн хэрэг нь Курё улсын мөхлийг түргэтгэсэн юм.

Чосонь улс байгуулагдсны дараа И Сонгегийн залгамжлагчийг сонгох асуудлаар төрийн сайд Жон Дужон тэргүүтэй түшмэд нас биед хүрсэн бусад хөвүүдээс нь болгоомжилж, Шиндок хатнаас төрсөн Тэжу вангийн наймдугаар хөвүүн балчир И Бансокыг дэмжиж, Тэжу ванг ятгаж угсаа залгамжлагч болгож чадсан. 1398 онд Шиндок хатан нас барж, Тэжу вангийн бие тааруу байгааг ашиглаж, угсаа залгамжлагч И Бансок, Жон Дужон нарын түшмэдийг И Панвонь нарын удирдсан цэргүүд баривчлан алж төрийн эргэлт хийсэн. Энэ явдлаас нэг сарын дараа Тэжу ван И Сонге эрх мэдлээ хөвүүн И Пангвад шилжүүлж, өөрөө төрсөн гэртээ очиж амьдарсан. 1400 онд тэрээр төрсөн ах И Пангантай эрх мэдлийн төлөө тэмцэлдэн ялж, холбоотой жанжид түшмэдийг барьж цаазлав. Энэ явдлаас удалгүй Чонжун ван И Пангва, вангийн сууриа дүү И Панвоньд шилжүүлсэн.

Улсын ван болсон нь засварлах

Түүний засаглалын үед хэд хэдэн шинэчлэл хэрэгжүүлсэн.

Ноёд, жанждын хувийн цэргийн хүчийг улсын цэрэгт нэгтгэж, ямар нэгэн зэвсэгт цэрэгтэй байхыг хориглосноор дараагийн бослого тэмцэл гарахаас сэргийлж, улсын цэргийн тоог нэмэгдүүлсэн.

Курёгийн үеэс үлдсэн түшмэлийн зөвлөл, зарим яамдыг татан буулгаж, Ыйжонбу буюу төрийн зөвлөл гэх байгууллагийг байгуулж, тус яамнаас гарсан бүх шийдвэр тогтоолд вангийн тамга дарж зөвшөөрсөн нөхцөлд хүчин төгөлдөр болох зохицуулалт хийснээр уг байгууллага 1907 он хүртэл 500 гаруй жил хэрэгжиж байсан. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөн, гарал үүслийг баталгаажуулж, хянахын тулд Хупэй хэмээх төмөр, яс, модоор үйлдсэн пайзыг хүн бүрт олгож ашиглаж эхлэсэн. Энэ нь орчин үеийн иргэний үнэмлэхийн анхны хэлбэрүүдийн нэг байсан.

Буддын шашны эрх мэдлийг хязгаарлахдаа зарим сүмийг нурааж, сүм хийдийн харьяаны тариалангийн газар, сан хөмрөгийг нь хурааж төрийн санд төвлөрүүлж, Курёгийн үед эдлэж байсан эрх дархийг нь цуцлаж, күнзийн сургаалыг чухалчлан, урьдын дайсан Жон Монжүг гавьяат түшмэлээр нэхэн өргөмжилжээ.

Түүний засаглалын үед Зүрчид, Японы далайн дээрэмчидтэй олон удаа байлдаж байсан. 1418 онд вангийн сууриа хөвүүн И Дод шилжүүлж, өөрөө Санван (상왕, 上王) хэмээх дээд ван буюу огцорсон ван болж,

хөшигний ардаас төрийн хэргийг нас эцэстлээ удирдаж байхдаа авилгалын хэрэгт холбогдсон өөрийн Вонгён хатны дөрвөн ах, И До вангийн хадам эцэг Шим Он нарын түшмэдийг цаазлаж байсан.

1422 оны 5 сарын 10 нд Сүган ордонд нас барж, одоогийн Сөүл хотын Сочо дүүргийн Хоннын бунханд хатных нь хамт бунхалжээ.

Түүнийг нас барсны дараа Гонжон Сондок Шингун Мүньмү Кванхё Их ван (공정성덕신공문무광효대왕, 恭定聖德神功文武光孝大王) гэж нэхэн өргөмжлөн, тахилын сүмд тахих цолыг Тэжун (태종; 太宗) хэмээв.

Гэр бүл засварлах

Хатад, хүүхэд:

  1. Ёхын Минь овгийн Вонгён хатан (원경왕후 민씨) (1365 – 1420)
    1. Жонсүнь гүнж (정순공주) (1385 – 1460), ууган охин
    2. Гёнжон гүнж (경정공주) (1387 – 1455), 2-р охин
    3. Гёнган гүнж (경안공주) (1393 – 1415), 3-р охин
    4. И Жэ, Яннён их гүнь (양녕대군 이제) (1394 – 1462), 1-р хөвүүн
    5. И Бо, Хёрён их гүнь (효령대군 이보) (1395 – 1486), 2-р хөвүүн
    6. И До, Чүннён их гүнь (충녕대군 이도) (1397 – 1450), 3-р хөвүүн
    7. Жонсонь гүнж (정선공주) (1404 – 1424), 4-р охин
    8. И Жон, Соннён их гүнь (성녕대군 이종) (1405 – 1418), 6-р хөвүүн
  2. Андон Ким овгийн Мёнбинь татвар эм (명빈 김씨) (? – 1479)
  3. Андон Квон овгийн Ыйбинь татвар эм (의빈 권씨) (1384 – ?)
    1. Жонхэ үнжү (정혜옹주) (? – 1424), 5-р охин
  4. Чонпүн Ким овгийн Хёбинь татвар (효빈 김씨) (? – 1454)
    1. Yi Bi, Prince Gyeongnyeong (경녕군 이비) (13 December 1402 – 9 September 1458), fourth (ninth) son
  5. Ёнвол Шинь овгийн Шиньбинь татвар (신빈 신씨) (1377 – 1435)
    1. И Инь, Хамнён гүнь (함녕군 이인) (1402 – 1467), 5-р хөвүүн
    2. И Жон, Оннён гүнь (온녕군 이정) (1407 – 1454), 7-р хөвүүн
    3. Жоншинь үнжү (정신옹주) (? – 1452), 6-р охин
    4. Жонжон үнжү (정정옹주) (1410 – 1456), 7-р охин
    5. Сүкжон үнжү (숙정옹주), 8-р охин
    6. Сүкнён үнжү (숙녕옹주), 10-р охин
    7. Сошинь үнжү (소신옹주) (? – 1437), 11-р охин
    8. Сосүк үнжү (소숙옹주) (? – 1456), 13-р охин
    9. Сүкгён үнжү (숙경옹주) (1420–1494), 16-р охин
  6. Сүньхын Ань овгийн Соньбинь татвар (선빈 안씨) (? – 1468)
    1. И Жи, Херён гүнь (혜령군 이지) (1407 – 1440), 8-р хөвүүн
    2. И Чи, Икнён гүнь (익녕군 이치) (1422 – 1464), 13-р хөвүүн
    3. Гёншинь үнжү (경신옹주), 12-р охин
    4. Сүкань үнжү (숙안옹주) (? – 1464), 14-р охин
  7. Жангён Но овгийн Собинь татвар (소빈 노씨) (? – 1479)
    1. Сүкхе үнжү (숙혜옹주) (1413 – 1464), 9-р охин
  8. Го овгийн Жонбинь татвар (정빈 고씨) (? – 1426)
    1. И Нон (근녕군 이농) (1411 – 1461), 9-р хөвүүн
  9. Чой овгийн Сүг-ый татвар эм (숙의 최씨)
    1. И Та, Хыйрён гүнь (희령군 이타) (1412 – 1465), 10-р хөвүүн
  10. И овгийн Сүг-ый татвар эм (숙의 이씨)
    1. И Гань, Хүньрён гүнь (후령군 이간) (1419 – 1450), 12-р хөвүүн
  11. Ким овогт татвар эм (후궁 김씨)
    1. Сүкгын үнжү (숙근옹주) (? – 1450), 15-р охин
  12. И овогт татвар эм (이씨)
    1. Сүксүнь үнжү (숙순옹주) (1421–1481), 17-р охин
Өмнөх
Чонжун ван
Чусонь улсын ван
1400-1418
Дараах
Сэжун ван

Эшлэл засварлах

  1. Хятадын төрд түшмэл сонгох шалгалтыг монголоор Орогсдын шалгалт гэдэг. Шалгалтанд тэнцэгсэдийг орогсод гэдэг.