Сергей Егорович Чуцкаев (1876—1944) — Зөвлөлтийн төрийн болон намын зүтгэлтэн. ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчөөр 1933-1935 онд Монгол улсад сууж байсан.

Тэрээр 1876 оны 3-р сарын 18-нд Оросын эзэнт улсын Пермь мужийн Сугат тосгонд төмөр замын албан хаагчийн гэрт төрсөн.

1895 онд Екатеринбургийн 9-р гимназийг төгсөөд 1895-1896 онд Казанийн их сургууль, 1896-1897 онд Санкт-Петербургийн их сургууль, 1902-1904 онд Германд Хайдельбергийн их сургуульд тус тус суралцсан боловч тэрээр бүрэн дээд боловсролгүй байжээ.

1896 оноос хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан бөгөөд 1903 оны 8-р сард Оросын ажилчны Социал-Демократ намд элссэн байна.

Тэрээр 1917 оны Урал дахь хувьсгалт үйл явдалд идэвхтэй оролцсон бөгөөд 1917-1918 онд Екатеринбург хотын дарга байжээ.

1918 оны 8-р сараас 1921 оны 1-р сар хүртэл тэрээр Москвад амьдарч РСФСР-ын Сангийн комиссарын /Сангийн яамны орлогч сайд/ орлогч байжээ.

1927-1929 онуудад ЗХУ-ын Алс Дорнодын гүйцэтгэх захиргааны дарга.

1929-1933, 1935 онд ЗХУ-ын Төв Гүйцэтгэх хорооны төсвийн комиссын даргаар ажиллаж байжээ.

1933-1935 онд ЗХУ-аас БНМАУ-д суугаа Бүрэн эрхт төлөөлөгч. Энэ үеэрээ Монголын Ерөнхий сайд П.Гэндэн нарыг огцруулахын эсрэг байсан боловч түүний дараа Бүхэн эрхт төлөөлөгч болсон В.Таиров П.Гэндэнг огцруулж байжээ.

1935 онд тэрээр ЗХУ-ын Төв Гүйцэтгэх Хорооны Үндэстний Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дэргэдэх Ажиллаж буй еврейчүүдийн газар зохион байгуулалтын хороог тэргүүлсэн.

1938 онд “улс төрийн бүдүүлэг алдаа гаргасан” хэмээн намаас хөөгдсөн ч баривчлагдаагүй. 1938 оны 9-р сараас Камышлов, дараа нь Свердловск хотод ажиллаж, амьдарч байжээ. Тэрээр 1944 оны 3-р сарын 1-нд Свердловск хотод нас баржээ.