Ражив Ратна Ганди (хинди: राजीव गाँधी, IAST: Rājīv Gāndhī, 1944 оны 8-р сарын 20-нд Брианий Энэтхэгийн Бомбей хотод төрсөн- 1991 оны 5-р сарын 21-нд Энэтхэгийн Тамиланд мужийн Шриперумпудур хотод нас барсан) -энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн, 1984-1989 онуудад Энэтхэгийн 6 дахь Ерөнхий сайдаар ажилласан хүн.

Намтар засварлах

1944 оны 8-р сарын 20-нд алдарт Индира Ганди, Фероз Ганди нарын гэр бүлд төрсөн. Ражив өвөг эцэг Жавахарлал Неругийн гэрт өссөн. Тэрээр Энэтхэгийн элит сургуульд, дараа нь Швейцарт сурч сүүлд Лондонгийн их сургууль, Кембрижийн их сургуулийн Тринити коллежид суралцсан байна. 1965 оны зун Ражив Италийн Соня Майнотой танилцжээ. Соня англи хэл, Ражив механик инженер мэргэжлээр суралцаж байжээ. 1968 оны 1-р сард Ражив, Соня нар Дели хотод гэрлэж 1970 оны 6-р сард хүү Рахул Ганди, 1972 оны 1-р сард охин Приянка Ганди нартай болжээ.

Энэтхэгт буцаж ирээд 1968-1980 онуудад тэрээр нисгэгч, дараа «Indian Airways» компаний нисэх онгоцны даргаар ажилласан байна.

Ражив Ганди нь Энэтхэгийн Үндэсний Конгресс намтай холбоотой улс төрийн хүчирхэг Неру-Гандигийн гэр бүлээс гаралтай хүн байсан тул улс төрөөс хол байх аргаггүй байжээ.

Ражив улс төрд оролцохгүй байхыг хичээж байсан боловч улс төрд идэвхтэй оролцож байсан дүү Санжай Ганди нь гэнэтийн байдлаар нас барсны дараа улс төрийн үйл ажиллагаанд нэлээд хожуу татагдан орсон байна. 1980 оноос хойш тэрээр эх Индира Ганди тэргүүтэй Энэтхэгийн Үндэсний Конгресс намын залуучуудын жигүүрийн даргаар томилогдсон.

1983 онд намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож үндсэндээ эхийнхээ улс төрийн залгамжлагч болсон байна. 1984 оны 10-р сарын 31-нд Индира Гандиг өөрийн бие хамгаалагчид алуулж мөн өдрийн орой Энэтхэгийн Ерөнхий сайдаар 40 настай Ражив Ганди сонгогдсон байна.

Ганди Пенжаб болон түүний хөрш зэргэлдээ мужуудын хурцадмал байдлыг намжаахын тулд хэд хэдэн тодорхой алхам хийсэн. Ражив Энэтхэгт бараа бүтээгдэхүүн импортлоход тавьсан олон хязгаарлалтыг цуцалж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн нь 1986-1990 онд тус улсын эдийн засгийг сэргээхэд их хувь нэмэр болсон байна.

1987 онд тэрээр "Тамил"-ын салан тусгаарлагчдыг дарахын тулд Шри-Ланкийн умард хэсэг рүү цэрэг илгээж, Кашмир дахь мусульман бүлэглэлийн эсрэг тэмцлийг эрчимжүүлсэн байна.

Ражив Ганди 1991 оны 5-р сарын 21-нд сонгуулийн кампанит ажлын үеэр Тамиланд мужийн Мадрас хотын ойролцоох Шриперумпудур хотын орчимд амиа золиослогч эмэгтэйн дэлбэлсэн бөмбөгөнд өртөж ойр орчмын 15 хүний хамт нас барсан юм.