Пресс-релиз (Англи: Press-release). ОНМХ-д зориулж бэлтгэсэн чухал, ашигтай мэдээ, баримтыг агуулсан хэвлэл эсвэл цахим хувилбараар тараадаг мэдээлэл мөн. Пресс-релизийг зорилгоосоо шалтгаалан дараах байдлаар ангилдаг. Үүнд: Зарлалын шинжтэй пресс-релиз буюу болох гэж буй арга хэмжээний талаар товч дурдаад түүнд сэтгүүлчдийг оролцохыг урьсан мэдээлэл; шинэ мэдээ агуулсан пресс-релиз буюу томоохон ач холбогдол бүхий үйл явдлын явцад болон түүний дараа тараасан шинэ мэдээлэл; бэкграундер (англ. backgrounder) буюу шинэ мэдээ, эсвэл сенсаац бус суурь шинжтэй нэмэлт, туслах мэдээлэл (аль нэг байгууллагын үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөө, түүхийн тухай мэдээлэл; улс төр, эдийн засгийн хөтөлбөрийн агуулга, бараа таваар, үйлчилгээний тайлбар, статистикийн баримт мэдээлэл г.м.); намтарчилсан пресс-релиз буюу тодорхой зүтгэлтэний тухай чухал баримт бүхий мэдээлэл зэрэг болно. ОНМХ-д зориулж явуулсан тусгай арга хэмжээний үед пресс-релизийг сэтгүүлчдэд ашигтай фото зураг, видеокассет, баримт бичгүүдийн хуулбар, улс төрийн байр суурийн тухай мэдэгдэл зэрэг материалаар баяжуулдаг. Ийм өргөн хүрээний баримт материалын цуглуулгыг пресс-кит (англ. media-kit) гэж нэрлэдэг. Пресс-релизийг бэлтгэхэд тодорхой шаардлага тавигддаг. Эх бичвэрийг тухайн байгууллагын нэр, хаяг, холбоо барих албан тушаалтны утас, огноо зэрэг мэдээллийг агуулсан албан бланкан дээр бичдэг. Пресс-релиз мэдээллийн үндсэн санааг илэрхийлсэн тодорхой гарчигтай байна. Түүнийг факс, электрон шуудангаар дамжуулах нөхцөлд эх бичвэр дээд зэргээр товч байх шаардлагатай. Хэрэв эх бичвэр нэг нүүрэнд багтаагүй нөхцөлд түүний баруун доод өнцөгт “үргэлжлүүлж үзнэ үү” гэж заавал тэмдэглэдэг. Пресс-релизийг сэтгүүлчдэд шууд тарааж өгсөн нөхцөлд материалын хэмжээнд хатуу дүрэм журам, хязгаарлалт тогтоодоггүй.

 Commons: Press releases – Викимедиа зураг, бичлэг, дууны сан