Каяан буюу Падаунг нь Мьянмарын үндэстний цөөнх болох Төвд-Бирм угсааны Карэнни үндэстний дэд бүлэг юм. Каяан нь дараах бүлгүүдэд хуваагдана: Каяан Лахви (Падаунг ပဒေါင် гэвэл эднийг заана), Каяан Ка Хаунг (Гэхо), Каяан Лахта, Каяан Ка Нган, Каяан Гэбар, Каяан Кахи буюу Каяав. Падаунг гэдэг нь урт хүзүүт гэсэн утгатай.

Хойд Тайланд дахь Каяан эмэгтэй
Хойд Тайланд дахь Каяан охин

Домог засварлах

Падаунг отгийнхон маш баян чинээлэг амьдралтай байжээ. Амьдралын чинээлэг байдалдаа ташаарсан Падаунгийн эмэгтэйчүүд ажил хийх нь байтугай бурханд мөргөхөө ч бүр больжээ. Үүний гайгаар, түүнд хорссон “бурхан” тэдний эмэгтэйчүүдийг устгахаар эрэгтэйчүүд нь гадуур ажилд явж хот айлд дан эмэгтэйчүүд үлдсэн үед нь араатан баруудаа явуулж, эмэгтэйчүүдий нь багалзуурдуулан бариулдаг байжээ. Үүнээс болж Падаунг отгийнхон эмэгтэйчүүдээ тэр аюулаас хамгаалахын тулд тэдний хүзүүнд нь зэс цагариг хийдэг болсон гэнэ.Тэгээд, он жил улирсаар эмэгтэйчүүдийн хүзүүнд цагариг хийх явдал одоо үед тэдний эртний уламжлалтай зан заншлын нэг болон хувирсан аж. Хүзүүндээ гоё өнгөт цагаригийг олноор зүүхийн тулд энэ отгийн эмэгтэйчүүд хүзүүгээ багаасаа сунгаж бэлтгэдэг байна. Үүнээс үндэслэн, энэ отгийнхныг “Падаунг” -урт хүзүүт гэж нэрлэдэг болсон аж.

Падаунгийн эмэгтэйчүүд зэс цагаригийг бүсэлхийдээ ч , гартаа ч хийдэг бөгөөд тэдний энэхүү гоёл чимэглэлийн зүйлсийн хүндийн жин нь 10 кг ч хүрдэг юм. Үүнийг ажил хийж явахад ч авдаггүй. Эмэгтэй хүүхдийг таван нас хүрсний дараа нэгэн сартай шөнө түүний хүзүүнд анхны цагариг хийх найр хийдэг. Анхны цагаригийн өндөр нь 10 см байдаг бөгөөд үүнийг хоёр жилийн дараа сольж 2 дахийг нь хийнэ. Эцэст нь, эмэгтэй хүүхдийг 11 нас хүрэхэд сүүлчийнх болох дөрөв дэх цагаригийг хийнэ. Энэ үед түүний хүзүү 20 см хүртэл уртассан байдаг. Энэ сүүлчийн цагариг хэдийчинээ өргөн байвал, тэр эмэгтэйг улам гоё ганган гэж хэлдэг бөгөөд түүнтэй хань нөхөр болохыг хүсэгч хүн ч олон байдаг гэж үздэг. Цагаригийн хэмжээ нарийн буюу өргөн байх нь тэр эмэгтэйн хир зэрэг хөрөнгө амьдралтай гэдгийг бас харуулах аж. Учир нь Падаунгийнхнаар зэс бол хамгийн үнэт металл, өөрөөр хэлбэл алт юм.

Эмэгтэйчүүд энэ цагаригуудыг хүзүүнээс ер салгахгүй. Анхандаа хооллож, унтахад жаахан зовдог боловч, сүүлд дасаад ирэхээр цагариггүй явах их хэцүү гэж тэд ярьдаг. Хүзүүний яс хоорондын мөгөөрсүүд нь сунаж, мах нь нимгэрчихдэг учир цагаригуудыг авчихсан хүний хүзүү нь ийш тийш ганхан, толгойгоо дааж чадахгүй болчихдог гэж ярилцдаг.

Зэс цагариг энэхүү отгийн “эрүүгийн хуулинд” ч зохих байр эзэлдэг. Хэрэв эмэгтэй хүн гэр бүлийн талаар тогтворгүй зан гаргавал, нөхрийнхөө шаардлагаар хүзүүний нь зэс цагаригуудыг авч хаядаг юм. Энэ нь цаазаар аваачихтай адил шийтгэл болдог байна.

Падаунгийн эрэгтэйчүүд нь өндөр нуруутай, том биетэй, дайчин зоригтой, цөм сайн гөрөөчин байдаг. Падаунгийнхан нийтдээ 30 шахам мянган хүн амтай. Ихэвчлэн Мьянмарын Каяах мужид оршин суудаг.