Нийтлэл (Публикация. Publication). Латины public “нийгмийн, олон нийтийн” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо болно. Сэтгүүл зүйн онол, дадлагад “нийтлэл” хэмээх ойлголтыг өргөн, явцуу хоёр утгаар авч үздэг. Тогтмол хэвлэлд гарсан бүх зүйлийг нийтлэл гэж нэрлэхдээ үгийн уг утгыг харгалзан “нийтлэх, нийтлэгдсэн зүйл” гэсэн утгаар авч үзэж байгаа хэрэг юм. Сонин хэвлэлийн зарим бичлэгийн төрөл, зүйлийг тодорхойлохдоо “нийтлэл” гэсэн үгийг явцуу утгаар нь хэрэглэдэг.

Сэтгүүл зүйд засварлах

Нийтлэл өргөн утгаараа засварлах

Сэтгүүл зүйн туршлагад тогтмол хэвлэлд гарсан бүх зүйлийг нийтлэл гэж нэрлэхдээ үгийн уг утгыг харгалзан “нийтлэх, нийтлэгдсэн зүйл” гэсэн утгаар авч үзэж байгаа хэрэг юм. Энэ бол тодорхой нэг сэтгүүл зүйн бүтээлийн төрөл зүйлийг эсвэл гол шинж тэмдгийг зааж байгаа хэрэг огтхон ч биш, харин уг үгийг өргөн утгаар хэрэглэж байгаа явдал юм. Энэ утгаар нь авч үзвэл орос хэлний “публикация” гэсэн үгтэй адилхан гэж хэлж болно. Нийгмийн амьдралд бараг өдөр тутам хэрэглэж буй “нийтлэл, нэвтрүүлэг” гэсэн нэр томъёог тухайн мэдээллийн агуулга, хэлбэр, төрөл зүйл, ур чадварыг харгалзахгүйгээр сонин хэвлэлд нийтлэгдэж, радио, телевизээр нэвтрүүлж байгаа бүх зүйлийг илэрхийлж байгаа ерөнхий нийтлэг нэр томъёо гэж ойлговол зохино. Сэтгүүл зүйн туршлагад бодит үйл явдал, баримт, үзэгдлийг тусгасан, олон нийтэд зориулсан, гаралтын хувьд тогтмол шинжтэй аливаа бүтээлийг нийтлэл гэж нэрлэдэг. Энэ бол дээрх нэр томьёо зөвхөн “нийтлэгдэх” гэсэн утгаас гадна бүх нийтэд зориулагдсан нийтлэг шинжтэй гэдгийг давхар илэрхийлж байгаа юм. Үүнээс үзэхэд сэтгүүл зүйд түгээмэл хэрэглэдэг “нийтлэл” хэмээх нэр томъёог хэд хэдэн утга санаа, онцлог шинжийг агуулдаг өргөн ойлголт гэж үзэж болно.

Явцуу утгаараа засварлах

Нийтлэл гэдэг үгийг явцуу утгаар авч үзэхдээ тодорхой нэг тодотголын хамт тухайн сэтгүүл зүйн бүтээлийн төрөл, зүйлийг буюу агуулгын үндсэн шинжийг заах өөрөөр хэлбэл, нийтлэл зүй (үз) гэсэн утгаар тайлбарлаж байгаа хэрэг мөн. Сонин хэвлэлийн зарим бичлэгийн төрөл, зүйлийг тодорхойлохдоо “нийтлэл” гэсэн үгийг хэрэглэдэг тохиолдол бий. Энэ бол уран нийтлэл, эсвэл нийтлэл зүйн бүтээлийн шинжийг агуулсныг илэрхийлэх гэсэн оролдлого, эсвэл тухайн бичлэгийн төрөл зүйлийг огт тодорхойлж чадаагүйн илэрхийлэл юм. Сэтгүүл зүйд “уран нийтлэл” (үз) хэмээх бие даасан бичлэгийн зүйл байдаг. Харин “нийтлэл” хэмээх бие даасан төрөл, зүйл байдаггүй.

Бүтээх үйл явц засварлах

Нийтлэл бүтээх үндсэн үе шат (Основные этапы создания публикации. Steps of creating the Publication).

Сэтгүүл зүйн аливаа бүтээлийг бичих, бэлтгэх, бүтээх үе шатыг сэдвээ олох, олсон сэдвийн дагуу баримт цуглуулах, цуглуулсан баримтыг ашиглан төлөвлөгөө хийх, нийтлэлийн анхны нооргийг гаргах, эцсийн хувилбараар найруулан бичих гэсэн таван үндсэн үе шатаас бүрддэг гэж үздэг. Сэтгүүлч үндсэндээ гурван аргаар сэдвээ олдог.

Нийтлэл бүтээх үе шат засварлах

  • Нэг дэх нь редакцийн даалгаврын дагуу тодорхой сэдвээ сонгон авч бичиж боловсруулдаг. Сэтгүүлч гадаад, дотоодод томилолтоор ажиллаж материал бичих үйл явц үүнд хамаардаг. Сэтгүүлч Ж.Барамсай алдарт “Шорон дотроос “өшөө авагчид” байдаг юм биш биз?” нийтлэлээ “Үнэн” сонины газарт ирсэн захидлын дагуу редакцийн даалгавраар бичсэн байдаг.
  • Хоёр дахь нь өөрөө идэвхтэй үйл ажиллагаа, эрэл хайгуулын үр дүнд сэдвээ олж авдаг. Өдөр тутмын томоохон сонинуудын шуурхай мэдээллийн албаны сурвалжлагчид өдөрт гурваас доошгүй мэдээ бичих төлөвлөгөөтэй байдаг бөгөөд тэд идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд баримт, сэдвээ олж үүнийг биелүүлдэг юм. Мөн сэтгүүлч санамсаргүй байдлаар сэдвээ олдог тохиолдол ч бий.
  • Гуравдугаар үе шатанд сэдвээс төрсөн сэтгэгдэл, хүсэл зорилгын дагуу янз бүрийн эх сурвалжид хандах, баримт, мэдээлэл олж авах, цуглуулах, шилж сонгох, дүн шинжилгээ хийх, материалыг хэсэгчлэн боловсруулах, төлөвлөгөө хийх, зохиомжлох зэрэг механик шинжтэй үйл ажиллагаа голлодог.
  • Дөрөвдүгээр үе шат бол бодож боловсруулах, бичиж туурвих, найруулан засах, гарчиг өгөх, тухайн хэвлэл мэдээллийн газрын бодлого, чиглэлд тохирч буй эсэхийг хянах зэрэг бүтээлч ажлын үйл явц юм.
  • Тавдугаар үе шатанд хамгийн хариуцлагатай, бүтээлийн чанар чансааг шалгаж, зохиогчийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаан, мэдрэмж шаарддаг, агуулга хэлбэрийн нэгдлийг хангасан эсэхийг хянах эцсийн шат байдаг. Ихэнх сэтгүүлч энэ шатанд бүтээлээ дахин дахин уншиж, бусдын санал бодлыг сонсож, эрхлэгч, ахлах редактор, дугаар хариуцсан сэтгүүлчийн санал зөвлөмжийн дагуу хянан боловсруулдаг. Энэ шатанд сэтгүүл зүйн ямар ч бүтээлийг бичих үйл явцыг заавал дамждаг онцлогтой.

Мэдээ зэрэг бага хэлбэрийн мэдээллийн төрөл зүйлийг бичихэд заавал бичгээр төлөвлөгөө хийх шаардлагагүй боловч оюун санаандаа төлөвлөж, төсөөлж, бодож боловсруулдаг нь тодорхой юм.