Мэдээллийн хэрэгцээ

Мэдээллийн хэрэгцээ (Информационная потребность. Needs of Information). Мэдээллийн хэрэгцээ гэдэг бол тухайн нийгэмд өөрийнхөө эдийн засаг, нийгэм-улс төр, оюуны болон бусад хүрээ салбарыг хэвийн байдалд хөгжих, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай баримт, мэдээллийн нийлбэрийн хэрэгцээ мөн. Сэтгүүл зүйн үүрэг, зорилгын өвөрмөц шинж нь энэхүү хэрэгцээг мэдээллээр хангахад оршино. Янз бүрийн чиглэлийн олон нийтийн хүчин болгон энэхүү хэрэгцээг өөр өөрөөр “үздэг” учраас судалгааны явцад тэдний үр дүнд хандах хандлагыг харгалзан үзэх нь чухал байдаг. Гэхдээ хэрэгцээ бол үзэл бодлоос үл хамаарах объектив зүйл юм. Сэтгүүлч мэдээллийн хэрэгцээг нарийн тодорхойлохын тулд аливаа нийгмийн объектын бодит байдал, бодит хэрэгцээ, одоо, ирээдүй, хэтийн төлөвийн талаас харьцуулан үзэх шаардлагатай. Ийм харьцуулалтын үр дүнд зорилгод хүрэхийн тулд юу хийх, яаж хийх талаар тодорхой төсөөлөл олж авна. Харьцуулах явцад илэрсэн ялгаа бол нийгмийн объектын хэрэгцээ бөгөөд шаардлагатай өөрчлөлт, ялгааг “арилгахад” чиглэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүдийн нийлбэр нь мэдээллийн бодит хэрэгцээ мөн. Үүнээс үзэхэд сэтгүүлч нийгмийн хөгжлийг мэдээллээр хангах үүднээс ямар мэдээллийг, хэнд зориулж нийтлэх, нэвтрүүлэхийг сайн мэдэж байгаа нөхцөлд үр дүнтэй ажиллах болно. Мэдээллийн хэрэгцээг хангах үйл явц нийгмийн объектын тухайн үеийн байдлаас шалтгаалан нөхцөл байдлыг бүх талаас нь нарийн судалж үзсэний үндсэн дээр хөгжлийн эерэг чиг хандлагыг дэмжсэн, аливаа сөрөг үзэгдлийг арилгахад чиглэгдсэн шүүмжлэлт, тодруулах, лавлах, хянан залруулах, эргэцүүлэн бодсон шинжтэй янз бүрийн мэдээллээр “нэмэлт хийхийг” шарддаг. Энэ бол мэдээллийн хэрэгцээ нь янз бүрийн хэсэг, элементээс бүрэлдэн тогтдог гэсэн үг. Тэдний боломж, чадавх, нөлөөлөх хүчин зүйл нь ямагт бодитойгоор оршиж байдаг. Учир нь нийгэмд хэрэгцээний өсөлт, дэвшилтийн хууль үйлчилдэг жамтай юм.