Монголын Ардчилсан Холбоо

Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн юм. Одоогийн дарга нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга.

Монголын Ардчилсан Холбооны бэлгэдэл
Монголын Ардчилсан Холбооны туг

Угтвар нөхцөл засварлах

Зөвлөлт Холбоот Улсад өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалт, Зүүн Европ дахь үйл явдлын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр 1989 оны арваннэгдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод болсон Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөний индрээс МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд өргөх бичиг барих хэмжээнд хүрч задарсан.

Ардчилсан хувьсгал засварлах

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаараа Санжаасүрэнгийн Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг. Нийслэлд болсон энэ цуглаанаас 7 хоногийн өмнө Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болсон бөгөөд тэр жагсаалд Эрдэнэт хотын бүх дарга нар оролцож хэний хэн, аль байгууллагын ажилчин оролцов гэж бүртгэх дээ жагсаалд оролцсон хүмүүсийн ирцийг улам олон болгосон юм. Мөн 1989 оны 12-р сарын 6-нд цуглаан болж тэр цуглааны бичлэгийг 1989 оны 12-р сарын 19-нд Э.Бат-Үүл, Д.Энхбаатар нарт өгч явуулсан юм. Тэр цуглаан дээр Эрдэнэтээс Орос цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг барихгүй байх, Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах гэсэн шаардлагыг НТХ 5-р бүгд хуралд МАХН-н хорооны дарга Мянганбаяр, Эрдэнэт хотын дарга Д.Тогооч нараар явуулсан. 3 хоногийн өмнө буюу 1989 оны 12 сарын 07-нд ХБДС-н (Ховдын Багшийн Дээд Сургууль) хэсэг багш оюутан Ард Аюушийн талбайд анхны улс төрийн жагсаал цуглаан хийж МАХН-ын ТХ-ны УТТ, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохийг шаардсан Өргөх бичгийг аймгийн НХ-ы Бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байжээ. Энэ жагсаал цуглаанд нийт 300 гаруй хүн оролцжээ.

1990 оны хоёрдугаар сарын 11-нд Ялалтын талбайд олон арван мянган хүн оролцсон дараагийн цуглаан болов. Энэ цуглаанаас хойш улс төрийн шинэчлэл хийх зорилготой холбоо, хөдөлгөөн шил шилээ даран байгуулагдлаа. Орон нутаг, үйлдвэр байгууллагуудад холбоо, хөдөлгөөний салбарууд бараг зэрэгцэн байгуулагдлаа.

1990 оны хоёрдугаар сарын 18–нд МоАХ-ны анхдугаар Их Хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд хуралдаж, хот хөдөөгийн 611 төлөөлөгч, гадаад, дотоодын 200 гаруй зочин төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35, тэргүүлэгчдийг 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгожээ.

Энэ хурлаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм. Хурлын үеэр ардчиллын анхны чөлөөт сонин болох Шинэ толь хэвлэгдэн гарсан түүхтэй. Тун удалгүй Монголын Ардчилсан Нам байгуулагдаж анхны даргаар нь Эрдэнийн Бат-Үүлийг сонгосноо албан ёсоор зарлав.

1990 оны гуравдугаар сарын 4-нд олон арван мянган хүн оролцсон цуглаан зохион байгуулж, 1990 гуравдугаар сарын 7-ноос Монголын түүхэнд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсноор өлсгөлөн зогссон. Улмаар 1960 онд баталсан Үндсэн Хуулийн оршил хэсгээс БНМАУ-ын төр, нийгмийн удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн гэсэн заалтыг хасч, олон намын тогтолцоог хуульчилсан явдал МоАХ тэргүүтэй ардчилсан хүчний хамгийн том ялалт болсон юм. Жагсаал цуглаан ойр ойрхон болж, олон нам тэгш эрхтэй оролцсон ардчилсан сонгууль явуулах, Улсын Бага Хурал байгуулах шаардлага тавьсан нь биеллээ олж, 1990 оны зургаадугаар сард олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль болов.

Гавьяа шагнал засварлах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр 209 дүгээр зарлигаар Монголын Ардчилсан Холбоог Монгол Улсын Баатар цол[1] -оор шагнасан юм.

 
Монгол Улсын Баатар цолоор шагнах ёслол. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн цогцолбор


МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛООР ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна. Түүхт төр улсынхаа хараат бус, бие даасан, эрх чөлөөт, бүрэн эрхт байдлын төлөөх улс даяарын эгээрэл мөрөөдөл, ард олны эрмэлзэл хүслийг тээн Нэгэн мянга есөн зуун наян есөн онд Монголын мянга, мянган ухаантан, сэхээтэн, зоригтон, чин сэтгэлтэн, үнэн зүтгэлтнүүдийг эгнээндээ нэгтгэн, мэргэн бодлого ухааныг сийлэн зарж, төв түвшин, энх тайван хувьсгал үүтгэн цагийн салхийг зөв эргүүлснээр ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, бүрэн эрхт, тэгш байдлыг сэргээн тунхагласан “Монголын Ардчилсан холбоо” (МоАХ), түүнийг уухайлан дэмжсэн Монголын ард түмний ялалтын 32 жилийн ой бол Ардын хувьсгалын 100 жилийн түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

Монголын ард түмэн бидний Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа даяар олноо тунхаглан зарласан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бээр монгол хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэлээр баталгаажиж, оюун санаанд оршиж байна. Өнөөгийн бидний энэ бүх үнэтэй бүхэнд уриалан дуудаж, ард нийтээрээ уухайлан дэмжсэн Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг Ардчилсан Монгол Улсын нийт ард түмэн хүртэх бүрэн эрхтэй гэж үзэн:

Түүхт төр улсынхаа улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь баталгаажуулан, үндэсний оюун санааны нэгдлийн үндэс Эзэн Богд Чингис хаанаараа овоглосон Монгол Улсаа Ардчилсан шинэ Үндсэн хуулиар тунхаглан зарласны төлөө;

Нэг нам төвтэй захиргаадалтын дэглэм бүхий “нам төр”-ийн тогтолцоог халж, олон намаас бүрдсэн, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчим, үзэл санаа бүхий парламентын “засаг төр”-ийн тогтолцоог хэвшүүлэн тогтоож, бүх шатны төрийн төлөөллийн байгууллагад сонгох, сонгогдох эрхээ Монголын нийт иргэд эдэлдэг болсны төлөө;

Эцэг өвгөдийнхөө түүх цадиг, бичиг соёл, ёс заншил, өв уламжлалыг сэргээж, иргэдийнхээ үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулсны төлөө;

Хэлмэгдлийн хар шуурганд өртөж, цаазын ял тулган буудуулсан, харьд цөлөгдсөн, шоронд хоригдож, эрүү шүүлтэд тарчилсан мянга мянган эх оронч, ихэс дээдэс, эрдэмт мэргэд, эгэл ардын гэм нүгэлгүйг нотлон цагаатгаж, тэдний гэр бүл, үр хүүхэд, удам судар, ураг төрөлд нэр төр, эрх чөлөөг буцаан олгосны төлөө;

Монгол Улс дэлхийн улс гүрнүүдтэй чөлөөтэй харилцаж, монгол хүн аль ч улс оронд дураар зорчих, сурч боловсрох, ажиллаж амьдрах, аялж зугаалах эрх, эрх чөлөөг олгосны төлөө;

Нийгмийн гэх эзэнгүй өмчлөл, нийтийн гэх хөдөлмөрийн мөлжлөгийн харилцааг халж, хувийн өмч, шударга хөдөлмөрийг хүн бүхний амьдралын үндэс болгосны төлөө;

Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн чөлөөт харилцаанд эргэлт буцалтгүй шилжиж, хувийн хэвшлийнхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 90 шахам хувийг бүтээж, эдийн засаг, нийгмийн бүх салбарт хүрээгээ тэлж байгаагийн төлөө;

Мал сүргийг ард малчдад буцаан өгснөөр мал сүргээ 80 сая толгойд хүртэл өсгөж чадсан малчин түмнийхээ монгол ухааны төлөө:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын Ардчилсан холбоо” ТББ-ыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж  байна. Ингэснээрээ МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын ардчилсан социалист хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг  мөнхжүүлж байгаа хэрэг мөнөөс мөн.

Хөрстөд ганц Эзэн Богд Чингисийн үр сад, хүчирхэг дээдсийн улбаа хойчис, хөх тэнгэрийн ивээлт монголчууд аа,

Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр түүх болон үлдлээ ч маргааш түүний шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй.

Ази тивд анхдагч нь болж, дэлхий нийтэд зарласан ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болгосон юугаар ч сольшгүй үнэт зүйлээ бататган хөгжүүлэх, ололт амжилтаасаа ухрах гэсэн улс төрийн аливаа буруу үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хамгаалах нь МоАХ болон Монголын ард түмний эрхэм зорилт байсаар байх болно.

Бид алдаа оноогоо цэгнэж, ямагт алсыг харж, олон ургалч үзлийг уралдуулан хөгжилд тэмүүлж, ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж цогцлоож байж Монгол Улс дэлхийн дэвжээнд дэвшил хөгжлөөрөө, үндэс язгуураараа, уламжлал соёлоороо, туулж давсан баялаг түүхээрээ тодорч, монгол хүн эх орныхоо эзэн нь байж, эрх тэгш, эрх чөлөөтэй сайхан амьдрах болно.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмний үйлс мөнхөд бадарч байх болтугай” гэжээ.

Эшлэл засварлах

  1. ikon.mn: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагналаа., нийтлэгдсэн 2021-06-24, хандсан 2021-06-25

Холбоотой мэдээллүүд засварлах

  1. https://www.facebook.com/MDU1989/
  2. https://www.iri.org/wp-content/uploads/legacy/iri.org/democracy_book_i_-_xs_size.pdf Монголын Ардчилал эхэлсэн түүх (Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн, Зориг сан. 2015 он)