Мандал-Овоо сум

Булган сумМонгол улсын Өмнөговь аймгийн харъяат сум.

Мандал-Овоо сум
ᠮᠠᠨᠳᠠᠯᠣᠪᠤᠭ᠎ᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Өмнөговь аймаг
Газар нутаг
  Нийт6,433 км2 (2,484 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,598
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[1]
Үзүүлэлт 2000 2002 2004 2006 2008 2010
Суурин хүн амын тоо 2,335 2,307 2,062 2,007 1,899 1,891
Малын тоо толгой 84,513 68,911 68,046 79,065 116,978 47,700

Мал аж ахуй засварлах

Тус сум нь эрт дээр үеэс Говь Түшээ гүний хошууны шилмэл тэмээн сүргийн өлгий нутаг болсон, Онгийн голын адаг, Улаан нуурын сав газар Ханын баруун үзүүр нь “Долоон бууртай тэмээ” гэдэг газар усны домгийн билэгдлээрээ Монгол орон даяар алдаршсан “Ханын хэцийн хүрэн” тэмээг өсгөн үржүүлж ирсэн билээ. Мандал-Овоо сум 1995-2002 онуудад Монгол Улсын “Хамгийн олон тэмээтэй сум”-аар шалгарчээ.

Хүмүүс засварлах

  • Даваасүрэнгийн Жижээ — хөдөлмөрийн баатар, тэмээчин
  • Далайн Хамар — хөдөлмөрийн баатар, тэмээчин

Танилцуулга засварлах

Өмнөговь аймгийн Мандал-овоо сум нь 1923 онд “Богд хан “уулын аймгийн “Дэлгэрхангай уулын хошуу”-ны “Хана” сум нэртэй байгуулагдаж анхны дарга нь Ш.Раднаабазар тайж гэдэг хүн байжээ. 1931 онд Өмнөговь аймаг байгуулагдахад шинэ Баян-Овоо сум дараа нь удалгүй Мандал-Овоо сум гэж нэрлэгджээ.Сумын төв нь 1923 онд Онгийн голын хөвөөнд ”Хаяагийн гол” гэдэг газар байгуулагдснаас хойш 25 жил нүүдлийн байдалтай байж байгаад 1948 онд одоогийн байгаа “Шархулсан”-д төвлөрсөн юм.

Тус сум нь Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өвөрхангай аймгийн Төгрөг, Баянгол, Богд өөрийн аймгийн Булган, Ханхонгор, Цогт-Овоо сумдтай хиллэдэг. Хойноос урагш Ахарын уулнаас Ханын цагаан суварга, баруунаас зүүн тийш Бор хацавчийн амнаас Алгуй улаан цавын Оонын даваа хүртэл 6433 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. / 643.3 мян.га /. Ахар, Хоромсого, Ханын хэц, Алгуй улаан цав зэрэг 40-60км урт үргэлжилсэн уул,хярууд нь 1375-1695м өндөр юм. Түүхийн дурсгалт Их эзэн Чингэс хааны Тангуд улсыг дайлаар мордохдоо буудаллан өвөлжиж байсан Цоорхойн харнуудын “Элст хүрээ”, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Бурхан дэл, Овоогийн хөв, Баянхошууны ам, Их бага хүрээ, Улаан нуур, Шархулсангийн баян бүрдүүд зэрэг үзэсгэлэнт газрууд элбэг тохиолдоно. Няравын хоолой, Гэр сухайн хоолой, Улаан худгийн хоолой зэрэг газруудад 10-20м өндөр элсэн далан молцогтой 3-4 м өндөр загийн ширэнгэн ой зэрэг нь манай сумын бахархал болсон “Ханын хэцийн хүрэн “ омгийн тэмээн сүргийн идээшин бэлчээрлэхэд тааламжтай нутаг юм.

Нутаг бэлчээрийн хувьд үндэс сийрэг ,бударгана багалуур,таана хөмүүл, монгол, хазаар, борог, шаваг, хуйраг төрөл бүрийн шарилж, хамхаг ургадагаас гадна заг, бүйлс, харгана, бөөрөлжгөнө, хайлаас зэрэг бут мод, дэрс ,хулс, сондуул ургана. Мөн хармаг, цагаан гоёо, цулхир, бор таар, давс, хужир, лидэр, чихэр өвс, зээргэнэ, алтан үндэс, таван салаа, юмдүүжин зэрэг эмийн болон хүнсний хэрэгцээний ургамал ургадаг юм. Дэлхийд ховордсон аргаль, янгир, хар сүүлт, дорго, шилүүс,зэрэг ан амьтадтай.

Тус сум 1941 онд 9 багтай 666 өрхтэй 2000 хүн амтай 98.0 мянган малтай томоохон сум байснаа 1947-1959 онд Ханхонгор,Булган,Цогт-Овоо сум байгуулагдахад 5 багийн 219 өрх 33.4 мянган малаа шилжүүлэн өгч нилээд цомхон болсон байна.Гэсэн хэдий ч 1954 онд “Хөдөлмөр” нэгдэл байгуулагдахад хамтын том аж ахуй зохион байгуулагдаж эдийн засгийн хувьд бэхжин 1992 оныг дуустал идэвхитэй үйл ажиллагаа явуулж гишүүдийнхээ амьдралын түвшинг жигд дээшлүүлж байгаад улмаар хувьчлагдан хувийн аж ахуйд шилжсэн билээ.

Тус сумын бага сургууль 1940 онд байгуулагдан 1973 онд ЕБДС болж, Хүн эмнэлэг 1939 онд байгуулагдан 1968 онд ХИЭСалбар болж, Мал эмнэлэг 1937 онд байгуулагдан 1956 оноос Малын их эмчийн салбар болж өргөжсөн байна. Цэцэрлэг 1962 онд, Улаан булан 1940 онд, Нүүдлийн кино1959 онд, Номын сан 1962 онд, Цахилгаан станц 1959 онд, ХААн банк 1962 онд, Холбооны салбар 1961, Анхны хоршоо 1929 онд, МАХН-ын үүр 1938 онд тус тус байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүртэл сум орныхоо ирээдүйн төлөө ажилласаар байна.

Мал сүргээ олон толгойгоор өсгөсөн амжилтаар Дашын Авирмэд,Цэвэлийн Мижид нар “Улсын сайн малчин” цолоор,ХААН-ийн мал аж ахуй дээр гаргасан амжилтаараа Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор Даваасүрэнгийн Жижээ 1961 онд, Далайн Хамар 1991 онд, Дулаан эрчим хүчний салбараас Төрийн соёрхолоор Далайн Нүдэн, бусад салбараас Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Содномын Батцэрэн, Гомбын Оргой,,Үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Г.Хайсандай, Гавъяат хуульч цолоор Ц.Рашзэвэг, тэмээн сүргээ өсгөсөн амжилтаараа Улсын аварга малчин цолоор Цэрэндашийн Батсүрэн, Өлзийхутагийн Лхагва, Монгол Улсын сайн малчин цолоор Аюушийн Батбуян, Улсын залуу аварга малчин цолоор ,Адъяагийн Эрдэнэчулуун, Даваагийн Лхамдэгмид, Цэдэнбалжирийн Цэрмаа, Жамъянгийн Сайнхүү нар шагнагдаж олон арван хүмүүс улс аймгийн болон салбарын тэргүүний ажилтан цол, төрийн дээд шагнал одон медалиар 200 шахам хүн энгэрээ мялаажээ. Манай тамирчдын дундаас У,Очирбат, А.Эрдэнэчулуун, нар спортын мастер ,Э.Гэрэлтуяа ОУХМ, Б.Манлайжав, Р.Адъяадорж нар “Аймгийн арслан” Б.Амгаланбаатар “Аймгийн заан”, Ц.Очирзав, Ш.Азжаргал, Ц.Хамар нар “Аймгийн начин”цол хүртсэн байна. Тус сум одоо 3 баг, 530 өрх, 1785 хүн амтай 60764 толгой малтай. Үүнд: тэмээ-12814, адуу-2343, үхэр-163, хонь-17300, ямаа-28144 байгаа юм.

Сумын ЗДТГазрын харъяанд ЕБС, Цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёл, спортын төв, ”Хаан мандал” “Аргамжин цэцэг” ОНӨҮГ, “Шүтээн мандал”,“Мандал 3 хайрхан”, ”Түшиг мандал” , ”Өлзийтхонгор хайрхан”, “Ингэн тагш”, ”Олон овоот гоулд” , ”Их монгол майнинг” ХХК зэрэг олон арван аж ахуй нэгж албан газрууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Жилд дунджаар улс, аймаг, сумын орон нутгийн төсөвт 400-535 сая төг төвлөрүүлж 2008 оноос сум өөрийгөө бүрэн санхүүжүүлэх чадавхитай болж, сүүлийн жилүүдэд тэмээний ноос 60 тн, ямааны ноолуур 15 тн, байгалийн баялаг алт зэргийг боловсруулан гадаад, дотоодын зах зээлд борлуулж байна. Сумын дэд бүтэц эрчимтэй хөгжиж 2007 онд ЭБЦД өндөр хүчдэлийн шугамд, 2010 онд Интернетэд, 2006 онд шилэн кабельд холбогдсноор Үүрэн телефоны 5 оператор ажиллаж ,ТВ-ийн 6-18 суваг гарч хөдөөгийн өрхийн 90 хувь нь гар утас, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, телевизер үзэж байна Мандал-Овоо сумын тэмээн пологийн баг 2008, 2009 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв!

Эх сурвалж засварлах

  1. Өмнөговь аймгийн статистикийн хэлтэс. Нийгэм, эдийн засгийн динамик үзүүлэлтүүд, сумдаар[permanent dead link] (2000-2010)

Цахим холбоос засварлах