Киши Нобүсүкэ

(Киши Нобусукэ-с чиглүүлэгдэв)

Киши Нобүсүкэ (япон. 岸 信介, 1896 оны 11-р сарын 13-нд төрж, 1987 оны 8-р сарын 7-нд нас барсан) — Японы төрийн зүтгэлтэн, улс төрч. 1957 оны 2-р сарын 25-наас 1960 оны 7-р сарын 19-ний өдөр хүртэл Японы ерөнхий сайд байсан.

Киши Нобүсүкэ

Түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд байхад "АНУ, Японы хоорондын харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай Гэрээ" (англи. Treaty of Mutual Cooperation and Security between the United States and Japan, япон. 日本国とアメリカ合衆国との間の相互協力及び安全保障条約 ) -нд гарын үсэг зурж, дайны дараах Японы түүхэн дэх хамгийн хүчтэй эмх замбараагүй байдлын давалгаа болсон юм.

Намтар засварлах

Нобүсүкэ 1920 онд Токиогийн эзэн хааны их сургуулийг төгсөж, Худалдаа аж үйлдвэрийн яаманд ажилд орсон. 1935 онд Манж-Го улсын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд гар бие оролцсон томоохон албан тушаалтнуудын нэг байжээ. 1941 оны 10-р сард Манжийн аян дайнд оролцож явсан ахмад дайчин Ерөнхий сайд Тоожоо Хидэки Кишиг Худалдаа аж үйлдвэрийн сайдын албан тушаалд томилж, 1943 оны 10-р сар хүртэл энэ албан тушаалыг хашиж байжээ. Дараа нь 1944 оны 10-р сараас 1945 онд Япон бууж өгөх хүртэл Японы Төрийн сайдаар ажилласан.

1952 онд бүх хязгаарлалтыг цуцалсны дараа Киши улс төрд буцаж ирэв. 1953 онд тэрээр Либерал намын гишүүнээр Японы парламентад сонгогдсон (日本自由党 Nihon Jiyuto). Дараа нь тэрээр шинэ Ардчилсан намд (日本民主党 Нихон Миншүто) элсэж, тэнд ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж, Либерал, Ардчилсан намуудын нэгдлийг дэмжиж байв. 1955 онд Ардчилсан болон Либерал намууд нэгдэж, Хатояма Ичирог шинээр байгуулагдсан Японы Либерал ардчилсан намын даргаар сонгосон байна. Дараа нь Нобүсүкэ Ишибаши Танзаны танхимд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 1957 оны 1-р сарын 31-ээс Ишибаши цус харваж, ажиллах чадваргүй болсны дараа Нобүсүкэ түүнийг түр хугацаагаар орлож Ерөнхий сайдын үүрэг гүйцтгэсэн. Хоёрдугаар сарын 25-нд Ишибаши огцорч, Киши Нобүсүкэ Ерөнхий сайдаар сонгогдсон юм.

Үйл ажиллагаа засварлах

Кишиг Ерөнхий сайд байх эхний жилүүдэд Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэж, Индонезид нөхөн төлбөр төлж, Австралитай худалдааны шинэ гэрээ байгуулж, Чехословак, Польш улстай энхийн гэрээ байгуулж байжээ. Мөн Япон Азийн орнуудтай ойртох хандлагатай болж 1957 онд Киши Зүүн өмнөд болон Өмнөд Азийн 6 оронд айлчилж, нөхөн төлбөр төлөх үүрэг, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар тохиролцсон байна. Эдгээр айлчлалын үеэр Киши Азийн хөгжлийн сан байгуулах санааг анх гаргаж байсан. Энэ нь Ази руу худалдаа, эдийн засгийн гүнзгий тэлэлт хийх Японы стратегийн эхлэл байсан юм. 1959 онд Киши Баруун Европ, Латин Америкийн орнуудад мөн айлчилсан.

Гэр бүл засварлах

Японы улс төрч, Гадаад яамны сайд агсан Абэ Шинтаро нь Кишигийн хүргэн байсан бөгөөд түүний хүү, 90 дэх Ерөнхий сайд Абэ Шинзоо нь Кишигийн зээ хүү юм.