Есүгэн хатан

(Есүгэн-с чиглүүлэгдэв)

Татар аймгийн Их Чирэнгийн охин, Чингис хааны 4-р ордны хатан. 1202 онд Чингис хаан Татар аймгийг Далан нөмөргө хэмээх газар байлдан ялж, Их Чирэнгийн охин Есүгэнийг сул хатан болгон авчээ. Есүгэн маш ухаалаг бүсгүй байжээ. Тэрээр эгч Есүйг аврахын төлөө Чингис хаанд хандан “Хаан соёрхвол намайг хүнд бодож асрах биз, миний эгч Есүй нэрт надаас дээр, хаан хүнд зохих гоо билээ, гагцхүү саяын будлианд /үймээн/ хааш очсоныг мэдэхгүй хэмээвээс, Чингис хаан өгүүлрүүн: эгч чинь үнэхээр чамаас гоо болвоос түүнийг ирүүлье, эгчийгээ ирвээс чи зайж, сууриа өгөх үү хэмээвээс Есүгэн хатан өгүүлрүүн: хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал би эгчдээ даруй зайлъя” гэж хэлсэн билээ. Үнэхээр эгчийг нь олж ирсний дараа суудлаасаа зайлж, эгчээ хатан суудалд залсан билээ.

Чингис хаан, 1206 онд их улсаа нэгтгэж дуусаад түүнд хуучин Найманы Таян ханы ордны газрыг өгчээ. Энэ нь Алтайн нуруу орчмын газар бололтой. Хожим Өгэдэй хааны үед учир битүүлэг нас барсан бололтой.

Есүгэн хатан, Чингис хаанд Үрүчи гэх ганц хүү төрүүлсэн. Хожим 1237-1240 оны хооронд Бат ханыг дагаж Кипчакын аян дайнд оролцож байсан.