Төмөр (Монгол бичиг: Тэмүр), мөн Доголон Төмөр (Перс: تيمور لنگ Тимүр-э-ланг) нь бол Монголын Барулас овгийн хүн юм. Тэрээр Мавереннахрт өөрийн улсыг байгуулж, Өгэдэй хааны угсааны Сюрьгатмишь, Махмуд нарыг хаанаар нь өргөмжилж байжээ. Төмөр эмир (Emir Timur) цолтойгоор төрийн эрхийг барьж байв. Төмөр Иран, Сири, Кавказын улсуудыг байлдан дагуулжээ. Мөн Алтан Орд, Ойрх Дорнод, Моголистан, Энэтхэг, Сибирь рүү довтолгоон үйлдэж байв. 1405 онд Төмөр Мин улсыг дайлахаар явж байхдаа нас баржээ. Тэрээр доголон хүн байснаас түүхэнд "Доголон Төмөр" гэж алдаршсан байна.

Төмөр
Төмөрийн эзэнт гүрний эмир

Михаил Герасимовын үйлдсэн, Төмөрийн царайг гавлын яснаас сэргээсэн дүрс (1941)
Хаанчлал1370-1405
Хаан суусан1370, Балх
Төрсөн огноо1336 оны 4 сарын 8 (1336-04-08)
Төрсөн газарШахрисабз, Узбекистан
Өнгөрсөн огнооJanuary 19, 1405(1405-01-19) (68 насалсан)
Өнгөрсөн газарОтрар, Сырдарьяа
ОршуулсанГүр-э Амир, Самарканд
ӨмнөхЭмир Хусайн
УдаахПир Мухаммед
ЭцэгМухаммад Тарагай
ЭхТэкина Мохбегим
Ургийн овогТөмөрийн эзэнт гүрэн

Залуу нас засварлах

 
Төмөр хааны цэрэг Египетийн мамлюк султаны цэргийг бут цохиж байгаа нь

Хүүхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхэлжээ. Лалын шашныг шүтдэг байсан нь узбекүүдтэй тэмцэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Доголон Төмөрийн олон хүн захирах төдийгүй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ.

1361 онд Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг Чингис хааны удмын Төглөгтөмөр ханы албанд орж төдсөнгvй ханы хүү Ильяс Хожийн зөвлөхөөр дэвшиж Кашкадариний вилайетийн (мужийн) захирагч болж тэр үед барулас овгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байлаа.

Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Доголон Төмөрт, Төглөгтөмөр хан дургүйцэн гадуурхах болсноос аргагүйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Түүний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хүйс тэмтрүүлжээ.

Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн засварлах

 
Самаркандад Төмөр хааны хийсэн найр

Эрх мэдлийн төлөө тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Төмөр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, түүнчлэн Самаркандын эмир Хуссейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бүрдсэн Төглөгтөмөр, түүний хүү Ильяс Хожа нартай дайтаж төдөлгүй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав.

Удсангүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Төглөгтөмөр ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Төглөгтөмөр ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч 1370 онд Сырдарья мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ.

Энэ үеэс хойш Доголон Төмөр дайн, байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болжээ.

Тэрбээр Төглөгтөмөр ханы цэргийг удирдаж байгаа хүү Ильяс Хожагийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сырдарья мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ.

Эмир болсон нь засварлах

1370 онд монголын олон аймаг, овгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингис хааны удмын Кабул Шах Агланыг ханаар сонгосныг Доголон Төмөр хvлээн зөвшөөрсөнгүй.

Цэргийн хүчээ монголчуудаар бэхжүүлж мөн онд Амударья, Сырдарья мөрнүүдийн хооронд орших Мавераннахр мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ.

Цэргийн шинэчлэлт засварлах

Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр төлөвлөж юуны өмнө армийн зохион байгуулалтыг боловсронгуй болгохдоо монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Төмөр чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10-г нь аравтын дарга, 100-г нь зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ.

Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут, мянгатын дарга нарыг биечлэн тохоож "Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал" гэж тэднийг сургамжилж байв.

Аравт, зуут, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв.

 
Самаркандад байдаг Төмөр хааны эгчийн бунхан

Чингис, Бат зэрэг хаадаас ялгаатай нь Доголон Төмөр цэргүүддээ дайны олз хувааж өгдөг байсан төдийгүй тогтмол цалин олгодог байжээ.

Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хүртээнэ. Түүнээс гадна байлдаанд үзүүлсэн гавьяаг нь үнэлж жагсаалын өмнө сайшаах, цалинг нь нэмэх, үнэт бэлэг, үнэт зэвсэг олгох, албан тушаал дэвшүүлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байжээ. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мөн ногдуулдаг байсныг нь дурдах нь зүйтэй.

Доголон Төмөр армийнхаа гол цөм болох морин цэргийг хөнгөн, хүнд гэж хувааж хөнгөн морин цэрэг нь нум, 18-20 сум, сумны 10 зэв, сvх, хөрөө, шөвөг, зүү, бугуйл, ундны усны хүүдий, морьтой байх хийгээд 19 хөнгөн морин цэрэг аяны үед нэг морин тэргэнд эд зүйлсээ ачиж явна.

Торгон хүнд морин цэрэг нь дуулга, төмөр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна.

Таван хүнд морин цэрэг дайн байлдааны үед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зvйлсээ ачиж явдаг байна.

Түүнээс гадна отолт, бүслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бүхий тус бүр нь гучин сум бүхий нумтай хөнгөн морин цэрэг бас байжээ.

Доголон Төмөр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, билчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв.

Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нүд гялбахгvй байхаар зохицуулж нөөцөнд ихээхэн цэрэг үлдээдэг байжээ.

Байлдааныг хөнгөн морин цэрэг эхэлж дайсан руу суман мөндөр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нөөцөө оруулна, "Арав дахь дайралт ялалт авчирна" гэсэн зарчмыг тэрээр баримталдаг байв.

Аян дайн засварлах

Доголон Төмөр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулжээ.

Делийн султант улсыг дайлсан нь засварлах

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчүүд ялагдашгvй гэж үзэж байсан Мератх хотыг бүсэлж газар доогуур нүх ухаж эхлэсэн нь удаашрахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бүх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураав.

Ганга мөрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргүүдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

1398 оны сүүлчээр эсэргүүцэл үзүүлсэн энэтхэгийн Дели хотод дөхөн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хүн ам олонтой, баян хотыг оргүй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зүйлсийг нь Самарканд руу илгээж бvх байшин барилгыг нь нурааж газрын хөрстэй тэгшилжээ. Дели хотынхон дараа нь нэг зуун жил хөдөлмөрлөж байж сая нэг хотоо сэргээн босгож чадсан гэдэг.

1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цөмийг нь алж цэргүүдийн толгойгоор овоо босгож байсан гэдэг.

Ойрхи дорнод дахь аян дайн засварлах

Доголон Төмөр 1400 онд Сири улс руу аян дайнд мордохдоо, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нутгаар дайрч Алеппо (өнөөгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирууд удирдсан туркийн цэргийг тэгш талд ялж дараа нь хот-цайзыг эзэлж мөн л үнсэн товрог болгосрн байна.

Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны 1-р сарын 25-нд эзэлж үнэтэй цайтай бүхнийг нь нийслэл Самарканд хот руу зөөж амьд үлдсэн хорин мянга орчим иргэдийг нь хядаж байжээ.

Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдүгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирүүлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв.

Удалгүй Кизил-Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бүслэн авчээ. 1402 оны 6-р сарын 20-ны өдөр Ангора хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай монголын цэрэг туркийн талын хөлсний татар, серби болон Оттоманы эзэнт гүрний олон ард түмний төлөөлөгчдөөс бүрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигүүр рүү хийсэн морин цэргийн дайралт, тэрчлэн 18 мянган татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.

Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хөлгийн жолоо залахдаа зам зуур Гүржийг байлдан дагуулжээ.

Үүний дараа хөрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар төлбөр өгдөг болжээ.

Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гүрний Иоанн хаан Доголон Төмөр эмирт асар их бэлэг ирүүлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг үргэлжлүүлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Төмөр том эзэнт гүрэн байгуулж чадсан юм.

Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд өөд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гүрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хөвгүүд нь хоорондоо дайтаж амьд үлдсэн цорын ганц залгамжлагч Шахрух нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.

Алтан ордны улсын эсрэг хийсэн аян дайн засварлах

Доголон Төмөр 1376 онд Чингис хааны удмын Тохтамыш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа үзүүлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.

Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглүүлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь түйвээж хөрш орших Арменийг явуут эзлэжээ.

1388 онд Хорезмийн хаант улс ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыг тэссэнгүй, удсангүй бууж өгчээ.

Гэвч Доголон Төмөр бууж өгснийг нь эс харгалзан нийслэл Ургенч хотынх нь бүх оршин суугчдыг хүйс тэмтэрсэн юм. Энэ үед Жейхун (Амудырья) мөрний эрэг дагуух бүх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис хүртлэх нутгийг Доголон Төмөр эмир эрхшээлдээ оруулсан байв.

1389 онд Балхаш нуурын урд талын Долоон ус, өнөөгийн Казахстаны өмнөд нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гүрний нутаг руу хөлгийн жолоог залах үед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь түйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ.

Доголон Төмөр эмир Алтан Ордны улс руу 1389,1391,1394-1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бүр нар төөнөсөн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сүүлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжаний нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.

1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бүр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Төмөр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн түйвээсэн ч тус орны нутгийг эрхшээлдээ авсангvй, нутаг буцжээ.

1395 онд Алтан Ордны улсыг дахин түйвээсний дараа оросын нутагт хүрч хилийн Елец хот-цайзыг эзэлж тvймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

Персийн эсрэг дайлсан нь засварлах

1392-1398 онуудад Перс, хөрш орших Кавказын чанадахь нутгийг түрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын төв хэсэг рvv морин цэргийн дайралт хийсэн нь бүтэлгүйтэж нөөцөнд байсан хүнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ.

Энэ ялалтын үр дүнд Персийн эзэнт гүрнийг бүрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эсрэг гурван удаа томоохон бослого гаргахад тухай бvр зэвсгийн хvчээр дарж хот, сууринг нь тvймэрдэж оршин суугчдыг нь толгой дараалан хvйс тэмтэрч байжээ.

Нас барсан нь засварлах

Төмөр хаан Хятадын Мин улс өөрийг нь дагаар орохыг шаардсан захиа хүлээн авсны дараа 1405 онд Хятадтай дайтахаар зүүн тийш цэрэглэн хөдлөх замдаа өвчний улмаас нас баржээ. Тэр Монголын Өлзийтөмөр хаантай холбоотой байж Мин улсыг эзэлж урьдын Их Монгол Улсыг сэргээхийг зорьж байжээ.

Шарилыг судалсан нь засварлах

Сталины тушаалаар 1941 оны 6-р сарын 19-нд Зөвлөлтийн алдарт хүн судлаач Михаил Герасимов тэргүүтэй эрдэмтэд Самаркандад байрлах түүний бунхныг нээж, судалжээ. Төмөр хааны цогцсыг судлаад 173 см нуруутай, өргөн мөртэй хүн байсныг тогтоожээ. Түүнийг амьд ахуй үед 173 см нь өндөрт ордог байсан байна. Мөн шинжилгээгээр баруун гарандаа олон тооны шархтай байсныг илрүүлсэн бөгөөд баруун өвдөг нь бяцарсан байдалтай байсан байна. Энэ нь түүнийг доголоход хүргэж, "Доголон" Төмөр нэртэй болоход нь нөлөөлсөн болов уу гэж эрдэмтэд үзэв. Хүн судлаач М.М.Герасимов түүний төрхийг судлан Монголоид голдуу, Кавказоид холилдсон төрхтэй байсныг тогтоож, эш дүрийг нь хийсэн байна.

Төмөр хааны бунхан "Намайг мөнхийн нойрноос сэрэхэд дэлхий чичирнэ" гэсэн бичигтэй байсан гэдэг. Мөн Герасимов шарилыг судлах явцдаа авсан дотор нь "Хэн миний бунхныг нээнэ, тэр гай зовлонд унана" гэсэн бичээс олсон байдаг байна. Энэхүү бичээсүүдийг үл тоон Герасимовын багийнхан судалгаагаа эхэлсэн байна. Зарим хүмүүсийн яриагаар энэ хараал биелж, судалгаа эхэлснээс гурав хоногийн дараа Нацист Германы арми Барбаросса төлөвлөгөөгөөр ЗХУ руу дайрч, аугаа эх орны дайн эхэлж, 1942 оны 11-р сард Төмөр хааны шарилыг Исламын шашны ёсоор дахин оршуулснаар Улаан Арми Сталинградад ялалт байгуулж чадсан гэж үздэг.

Гэр бүл засварлах

Хатад татвар засварлах

  1. Түрмиш ага, Барласын эмир Жагугийн охин
  2. Алжаз турхан ага, 1357 онд гэрлэсэн. Эмир Машлахын охин.
  3. Сарай Мүлк Ханум, 1367 онд гэрлэсэн. Эмир Хуссейн ханы эхнэр, Казан хааны охин.
  4. Дилшад ага, 1374 онд гэрлэсэн. Шамс эддин ба Бужан ага нарын охин.
  5. Түмэн ага, 1377 онд гэрлэсэн. эмир Муса ба Арзу мүлк ага нарын охин.
  6. Чулпан мүлк ага, Жетагийн Хажи бейн охин.
  7. Тугай ханум, 1395 онд гэрлэсэн. Моголистаны Хизр хожа Аглен хааны охин.
  8. Толун ага, Умар Шейх Мирзаг төрүүлсэн.
  9. Мэнли ага, Миран шахыг төрүүлсэн.
  10. Тогай турхан ага, Шахрух мирзаг төрүүлсэн.

Хөвгүүд засварлах

  1. Жахангир мирза, Түрмиш агагийн хүү
  2. Умар Шейх мирза, Толун агагийн хүү
  3. Миран шах, Менли агагийн хүү
  4. Шахрух мирза, Тугай турхан агагийн хүү
  5. Халил султан, Сарай мүлк ханумын хүү

Охид засварлах

  1. Акиа бэхи, эмир Мусагийн хүү, Муххаммад бейтэй суусан.
  2. Султан бахт бэхүм, эхлээд Муххаммед Мирекетэй суусан. 2 дахь удаад 1389 онд Сулиман шахтай суусан. Алжаз турхан агагаас төрсөн.
  3. Нэр тодорхойгүй, Сулейман мирзатай суусан.
  4. Нэр тодорхойгүй, Кумалеза мирзатай суусан.

Зургийн цомог засварлах

 
Төмөр хааны бунхан Гүр Эмир
 
Төмөр хааны бунхан Гүр Эмир
 
Төмөрийн эзэнт гүрэн