Гэсэр хааны тууж (бүрэн нэр нь "Арван зүгийн эзэн Гээр хааны тууж", төвөд. གེ་སར་རྒྱལ་པོ) нь нийтийн тооллын өмнөх 100-300-д оны үеэс VI зууны хооронд үүсч, XII зуун гэхэд улам боловсронгуй болсон, Төвөд, Монгол, Буриад, Цагаан Монгол зэрэг төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн тууль юм. Гэсэрийг Жангар, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэдэг.

Ханан дээр зурагдсан Гэсэр хааны зураг

Үүссэн цагаасаа хойш олон үндэстэнд тархсан ба одоо ч Төвөд, Өвөр Монгол, Хөх нуурт хайлагдаж буй дэлхий дээрхи хамгийн урт амьд тууль юм. Олон үндэстэнд тархсаныхаа хувьд үндэстэн бүрийн онцлогийг шингээсэн олон янзын хувилбартай.

Гэсэр нь цар хэмжээний хувьд их том урт тууль юм. Өнөө үед эмхтгэгдсэн байдлаас үзвэл, Төвөд үндэстний хувилбар нь л гэхэд нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, хорин сая гаруй үгтэй юм. Бүлэг, мөр, үгийн тоо нь эртний Вавилонийн Гильгамешийн туульс, Грекийн Илиада, Одиссей, Энэтхэгийн Рамаяана, Махабхарата зэрэг дэлхийн нэрт таван туулийн нийлбэрээс ч их байдаг юм.

Академич Цэндийн Дамдинсүрэн модон барын 7 бүлэг Гэсэрийн туужийг гол эх болгон "Номч хатны Гэсэр"-ээс нөхөн сэргээж 9 бүлгийг 1986 онд кирилл үсгээр хэвлүүлжээ.

Гэсэр нэрийн утга засварлах

Гэсэр гэдэг нэр нь Төвөдөөр Гэсар (Ge sar) гэсэн үгний Монгол дуудлага болно. Гэсар гэж Төвөдөөр цэцгийн туурцгийн нэр болно. Түүхэнд үзвэл Гэсэр хүүхэд байхдаа Госрай буюу Монголоор орчуулбал Ухаант агь нэртэй байгаад хожим Гэсэр нэртэй болжээ. Тэгээд түүхэнд Госыло нэрээр тэмдэглэгдсэн байна. Гэсэр хааныг Гэсар нэртэй болоход Ромын Цезарийн тухай домог ч нөлөөлсөн байж болно. Төвөдийн түүхэн зохиол домогт хааяа Хром Кесар (Khrom Kesar) гэдэг нэр үзэгддэг юм. Хром гэдэг нь эртний Италийн Ром хотын араб дуудлага юм гэдэг.

Монгол хувилбар засварлах

1716 онд модон бараар хэвлэгдсэн Монгол хувилбарт 7 бүлэг барлагдсан байдаг. Эдгээр нь:

  • I. Гэсэрийн төрсөн ба идэр нас
  • II. Гэсэр уулын чинээ хар эрээн барсыг алав
  • III. Гэсэр Хятадын Гонма хааны төрийг засав.
  • IV. Хойд хязгаарын арван хоёр толгойт мангасыг дарсан бүлэг
  • V. Шарайголын дайн
  • VI. Лам болж хувилсан Ловсгаа мангасыг дарав.
  • VII. Гэсэр эхийгээ тамаас гаргав

Эдгээрээс гадна гар бичмэлүүд болон аман хэлбэрээр үүнээс ч олон бүлгүүд байдгаас дурьдвал:

  • VIII. Шарайголын байлдаанд алагдсан баатруудыг амьдруулсан нь
  • IX. Гэсэр, Нандулам хаантай байлдав
  • IX. Гэсэр Аваргасан хаантай байлдав
  • XI. Гэсэр чөтгөрийн Гүмбо хаантай байлдав
  • XII. Гэсэр дөчин дөрвөн Монгол улсын Начин хаантай байлдав

Эх сурвалж засварлах